Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг гээч зүйл бий болж, энэ чиглэлээр сүргалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидэт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг. Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй, Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог аж. Нэгэн сонирхолтой жишээ яръя л даа. МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх хэний ч мэдэхгүй нэгэн байжээ. Түүгээр ч барахгүй хэн ч сонссон шоолж инээмээр тультраа хэл яриатайн дээр цээжин биеэрээ учиргүй бөгтгөр нуруутай хүн байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ. Ийнхүү тэр асар их тэвчээрийн ачаар олон хүнийг үг яриагаараа илбэдэгч удирдагч болсон түүхтэй.АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн ная орчим хувь нь цэргийн гаралтай байсан ба маш уран гоё ярьдаг хүмүүс байв. Авраам Линкольноос авахуулаад Ричард Никсон, Жорж Буш, Билл Клинтон гээд ёстой л уран үгийн эзэд. Тэд индэрт хэлэх илтгэлээ бүр зургаан долоон хоногоор бэлтгэдэг бөгөөд тэдэнд үг бэлддэг тусгай өрөө хүртэл бий гэнэ.
Реторика
Илтгэх урлаг гэдэг бол хэрхэн үнэмшилтэйгээр яруу сайхан ярихыг судалдаг бие даасан шинжлэх ухаан мөн. - зөв ярих /логикийн хувьд зөрчилгүй/
-сайхан ярих /сонсголонтой, дууны өнгө
аяс , чанга сул, ритм г.м/
Зөв сайхан илтгэж ярих онолыг эртний Грект Реторика гэдэг байсан бөгөөд энэ үгнээс Ритор, Оратор, Лектор гэдэг үгс бий болсон. Эндээс үгээр зэвсэглэж, оюуны их хурыг буулгадаг уран илтгэгчийг Лектор гэж нэрлэдэг болжээ.
Илтгэх урлаг бол мянга мянган хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг эзэмдсэн үгийн, харилцааны их эрчим хүч юм.
Илтгэх урлаг үгнээс үг, санаанаас санаа, ярианаас яриа төрүүлдэг ухаарал дамжуулдаг ухаан. Илтгэх чадвар хүнийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгож, өөрөө өөрийгөө таньж мэдэн бусдад үзэл бодлоо нээхэд тусалдаг. Илтгэх урлаг бол өөрийгөө төдийгүй бусдын үйл хөдлөлийг таньж мэдэх мэргэн чадварт суралцуулдаг. Хаана ч, хэзээ ч өөрийн үнэнч хамт олонтой, бусдын хайр хүндлэлийг хүлээсэн, манлайлагч нэгэн болохыг хүсвэл энэ урлагт зайлшгүй суралцах хэрэгтэй.
Илтгэх урлагийн ач холбогдол
Реторика ухааныг хурцалж, бодлыг цэгцэлнэ. Ухаан хурц бодол цэгцтэй бол яриа зөв байна. Үг бол харилцааны хэрэгсэл юм.
Үг бол мэдээлэл дамжуулах хэрэгсэл юм.
Үг бол олон түмнийг манлайлж явдаг удирдагчийн зэвсэг.
Үг бол хүмүүс хоорондоо харилцах гүүр.
Харин үгийг онож хэлнэ гэдэг бол урлаг юм. Хүнд байж болох олон чадваруудаас үгийг онож хэлдэг чадвар шиг амжилтад хурдан хүргэдэг зүйл байдаггүй.
“Үг бол мөнх үлддэг цорын ганц зүйл. Та мөнхөрмөөр байна уу?” гэж агуу уран илтгэгч Черчиль хэлсэн байдаг. Сайхан ярих чадвар нь хүний сэтгэлийг гэгээрүүлж бас гэрэлтүүлдэг. Хүмүүс сайхан зүйлд тэр тусмаа гэгээлэг зүйлд дуртай учир сайхан яриагаар та ямар ч хүнийг өөртөө татаж чадна. Үг бол бусдад шинэ эрчим хүч, урам зориг, идэвх зүтгэл хайрлаж байдгаараа ид шидтэй.
Амжилтын олон түлхүүрийн нэг нь гарцаагүй илтгэх, ярих чадвар
Хүнд амжилт авч ирдэг олон авьяас чадвараас хамгийн хүчтэй нь илтгэх чадвар юм. Алдаагүй сайн ярих чадвар араасаа үргэлж алдар нэр, амжилтыг дагуулж байдаг. Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн олон үйл явдлууд үгийн хүчийг ашиглаж байсан. 1863 онд Авроом Линколин өөрийн алдарт үгээ хэлж байсан бол түүнээс яг 100 жилийн дараа буюу 1963 оны 8 сарын 28-ны өдөр Линколны бунхны өмнө хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Мартин Лютер Кинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тавьсан алдартай илтгэлээрээ хэн хар цагаан байх нь ялгаагүй бүгд тэгш эрхтэй гэдгийг олон мянган хүний өмнө үгийн хүчээр л иртгүүлж чадсан. “Би мөрөөдөж байна” хэмээх алдарт илтгэл тавигдах хүртэл эрх чөлөөний гэгдэх Америк улсад хүнийг арьс өнгөөр нь ялгаварлан үзэх үзэл байсаар л байсан. Энэ илтгэлээс хойш Америкийн ард түмэн хүн болгон тэгш эрхтэй юм байна гэдгийг ухаарсан. Үгээр хийсэн хувьсгал зэвсгээр хийсэн хувьсгалаас хүчтэй байдгийн жишээ нь энэ юм.
Илтгэл танилцуулах 18 зөвлөгөө
1. Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд ба шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж, аль болох товчхон төлөвлөгөө зохионо.
2. Энгийн төв хувцасласан байх
3. Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болго. Хэрэв илтгэгч хэлэх гэж буй зүйлээ нэгд нэггүй санаж байгаа бол чөлөөтэй, тайван, итгэлтэй ярьж чадна.
4. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
5. Яриагаа чанга, тод, ойлгомжтой, нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.
6. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж буй зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж буй хэрэг юм.
7. Дохио зангиа, хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх нь чухал.
8. Тайзан дээр холхиж явах, хоёр хөл дээрээ байнга сэлгэх, босч суух зэрэг давтагдсан хөдөлгөөнийг хийх хэрэггүй.
9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
10. Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.
11. Ямар ч тааламжгүй байдалд биеэ барих чадвар, хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд авталгүйгээр ярьж байх ёстой.
12. Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэсэн өгүүлбэр хэлж болно.
13. Нэгэн хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой.
14. Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.
15. Ярианы хэлбэр энгийн, ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.
16. Лекцээ амжилттай болгохын тулд сонсогчдын анхаарлыг татах, анхаарлыг яриа дуустал барьж байхыг хичээгээрэй. Иймээс илтгэгчийн ярианы эхлэл энгийн, ойлгомжтой, сонирхолтой байх нь чухал.
17. Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрэв санаа нь нэгээс нөгөөд шилжиж байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэг нь нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй.
18. Сайхан яриа гэдэг бол энгийн, тод, ойлгомжтой, утга төгөлдөр байх ёстой.
Сандардаг шалтгаанууд:
• Өөрийгөө чамлаад сонсогч нараа өөрөөсөө илүү гэж үзэх
• Ярих нөхцөл гэнэт өөрчлөгдсөн /индэрийн араас гэтэл ил зогсоод илтгэх г.м/
• Сонсогчдын тоо санаснаас хэт олон эсвэл цөөн байх, танхим хэт жижиг том байх
• Илтгэлээ санасандаа хүртэл сайн бэлдэж амжаагүй тул сонсогчдод үүнийгээ мэдэгдчихвий гэж айх
• Алдаа хийхийг сонсогчид чих тавин амьсгаа даран хүлээж буй мэтээр төсөөлөх
• Илтгэлээ эхлэх сүүлийн минутад гар бичмэлээ ноороглож дууссан бөгөөд олон өдрийн туршид дэмий санаа зовниж явсан бол
• Сайн бэлдээгүй, өөрийн танидаг хүмүүс их бол, эсвэл хүндэлдэг, өөрөөсөө түүнийг илүү гэж боддог хүн чинь байвал биеэ барьдаг
Илтгэлээ бэлдэхэд анхаарах зүйлс:
• Илтгэл тавих тухайгаа сонссон өдрөөсөө эхлэж бэлтгэ
• Илтгэлээ маш хянамгай ул суурьтай бэлтгээрэй. Урьдчилан эсрэг санал, асуулт гаргасан тохиолдолд хэрхэн хариулахаа сайн эргэцүүлж бодоорой. Тэгвэл гэнэтийн асуултад унахгүй байх болно.
• Илтгэл тавих орчин нөхцлүүдээ сайтар судла. Танхимийн хэмжээ, индэр, оролцогсдын тоо г.м. Энэ нөхцлүүдийг сайн мэдвэл эвгүй байдалд орохгүй.
• Илтгэл тавихдаа хэзээ ч бүү хожимдож эсвэл яарч сандарч ирээрэй. Цагаа төлөвлөж байхдаа юмыг яаж мэдхэв гээд нөөцөнд хэдэн минутыг авах хэрэгтэй. Жишээлбэл замын бөглөрөл зэргээс болж хожимдож болно.
• Сонсогчид надаас мэдээлэл авахаар ирсэн шүү дээ гэж үргэлж бодож бай.
• Таны төсөөлж байгаагаас ч олон сонсогчид танд найрсаг хандаж байгаа. Таныг алдаа гаргахыг чих тавин, тэсч ядан хүлээж байгаа хүн байхгүй гэдэгт итгэлтэй байж болно.
• Илтгэлээ эхлэхдээ биеийн жингээ хоёр хөл дээрээ жигд хувиарлан биеэ цэхлэн бат зогсоод гүнзгий амьсгаа авч, сонсогчдын зүг найрсгаар инээмсэглэн хар. Эхлээд өөртөө найрсаг ханддаг хүмүүстэй харцаараа харьцаа тогтоо. Тэдгээр хүмүүсийн тань руу харан инээмсэглэх нь таныг тайвшруулж, зоригжуулах болно.Хэрэв сэтгэл түгшээд бүр болохгүй бол танилуудаасаа танхимд сонсогчдын дунд сууж байх талаар санаа тавиарай.
• Илтгэлийнхээ оршил хэсгийг онцгойлон сайн бэлтгээрэй. Шаардлагатай бол эхний өгүүлбэрүүдээ цээжил. Энэ нь дээр байдаг. Учир нь оршлоо сайн эхэлчихвэл цаашид саадгүй үргэлжилнэ. Мөн илтгэлийнхээ төгсгөлийг сайн анхаараарай.Гараа сайн бол бариа сайн гэдэг бол төгсгөл сайн бол бүх юм сайн гэдэг үг бас байдаг. Итгэлээ унтуулан биш урамшуулан төгсгөөрэй.
АЛДААГҮЙ ИЛТГЭХ АРВАН САНАМЖ
Анд нөхөд чинь урвалаа ч, ахан дүүс чинь хаялаа ч, албаны шатнаас уналаа ч илтгэх хүчийг эзэмшиж чадсан бол та хэнд ч ялагдашгүй хүчтэй хэвээр байх болно.
1. ИЛТГЭХ СЭДВЭЭ САЙТАР БОЛОВСРУУЛ
2. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙ
3. ИЛТГЭХ ЗОРИЛГОО МЭД
4. ЯРИХ НӨХЦӨЛ БАЙДЛАА ТОГТОО
5. ТАНХИМЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ОЛЖ АВ
6. ИЛТГЭЛИЙН БҮТЦЭЭ ЗӨВ ТАНЬ
7. ЯРИХ АРГА БАРИЛД СУРАЛЦ
8. ЯРИХ ТЕХНИК ЭЗЭМШ
9. ҮГЭЭ ЗӨВ СОНГО
10. ИЛТГЭХ ҮЕДЭЭ МЭДРЭМЖЭЭ АШИГЛАЖ СУР
Алдаагүй сайхан ярих нь амжилт хийгээд
алдар хүндийг дагуулдаг.
No comments:
Post a Comment